Тэсийн голын байгалийн нөөц газар

Ерөнхий танилцуулга

Тэсийн гол нь Хөвсгөл аймгийн нутаг дахь Булнайн нуруунаас эх аван 550 км урссаар Увс нуурт цутгадаг манай орны томоохон голуудын нэг бөгөөд ОХУ-ын нутаг руу урсч гараад эргээд Монгол нутагт орж ирж усаа Увс нуурт цутгадаг онцлогтой. Тэсийн голын адаг нь далайн түвшнээс дээш 760-800 м хооронд хэлбэлзэх нуурын ба аллювийн хурдас бүхий тэгш талархаг гадаргаас тогтоно. Нугат намгийн мараалаг хөрстэй бургасан шугуй бүхий алаг өвс, үетэн-алаг өвст нугын бүлгэмдэл бүхий татмын нугын ландшафттай.

Тэсийн гол нь адаг орчимдоо хэсэг хэсэг салаалж, тэр дагуудаа намаг, нуга, хужир, мараа, усан арал, бургасан шугуй бүхий өвөрмөц үзэсгэлэнтэй газар юм. Тэсийн голын салаалсан хэсэгт улиасан төгөл, бургасан шугуй, тэмээн харганы ширэнг бүхий  баруун Монголын хэв шинжийн алаг үетэнт, улалжит нуга, алаг цоог төгөл бий. Тэсийн гол нь олон улсын ач холбогдол бүхий усны шувуудын өндгөлөн зусдаг гол газар бөгөөд улаан номонд орсон ховордож байгаа Зэгсний гахай, Азийн минж, Эрээн хүрэн, Шивэр гүлмэр, Голын халиу, Усны булга гэх мэт биологийн төрөл зүйлээр баялаг томоохон голын хөндий, шугуй юм. Ургамал, амьтнаар баян нутаг болохын хамт нэгж талбайд ноогдох хөхтний зүйлийн тоогоор баялаг.

Энэхүү байгалийн үзэсгэлэн, нөөц баялгийг хамгаалах зорилгоор Тэсийн гол орчмын 103,000 га нутгийг Монгол улсын УИХ-ын 2006 оны 26 дугаар тогтоолоор байгалийн нөөц газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авсан.