Увс нуурын ай савын УТХГН-ийн хамгаалалтын захиргаа

  • 1994 онд байгуулагдсан
  • 70452184, 93019078, 91456666
  • uvsbasin@mpa.gov.mn
  • Увс аймаг, Улаангом хот, 11 дүгээр баг, Увс нуурын ай савын улсын тусгай хамгаалалттай газар нутгийн Хамгаалалтын захиргааны байр

Ерөнхий танилцуулга

Увс нуурын ай савын Улсын Тусгай Хамгаалалттай газар нутгийн Хамгаалалтын захиргаа

Увс нуурын ай савын Увс нуур, Түргэн уул, Торхилог, Тэсийн голын адаг, Цагаан шувуут уул, Алтан элс орчмыг хэсэгчлэн хамаарсан Увс нуурын ай савын дархан цаазтай газар болгон улсын тусгай хамгаалалтанд авахыг УИХ-ын 1993 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 83 дугаар тогтоолоор зөвшөөрч газрын хилийн зааг, тэдгээрийн хамгаалалтын горимыг баталж, тухайн нутаг дэвсгэр дээр улсын тусгай хамгаалалттай газрын дүрэмд нийцэхгүй үйл ажиллагаагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааг 1993 онд багтаан зохицуулахыг Засгийн газарт даалгасан байдаг.

Улмаар УИХ-ын 1995 оны 8 дугаар сарын өдрийн 26 дугаар тогтоолоор “Увс нуурын ай савын дархан газар”-ын хилийн заагийг баталсан юм.

Мөн УИХ-ын 2008 оны 01 сарын 24 өдрийн 05 тоот тогтоолоор Увс аймгийн Ховд сумын Гоожуурын хүрхрээ орчмын газар нутгийг Түргэн уулын дархан цаазат газрын хилийн заагт, Сагил сумын Баянзүрх уул орчмын газар нутгийг Цагаан шувуутын дархан цаазат газрын хилийн заагт тус тус хамааруулан дархан цаазат газрын ангилалаар улсын тусгай хамгаалтанд авчээ.

Тэсийн голын орчмын газрыг байгалийн нөөц газрын ангилалаар 2006 оны 04 дүгээр сарын 20-ний өдрийн 26 дугаар тоот тогтоол, Мөнгөт цахир орчмын газрыг байгалийн дурсгалт газрын ангилалаар 2012 оны 05 дугаар сарын 23-ны 53 тоот тогтоолоор тус тус улсын тусгай хамгаалтанд авсан байдаг.

“Увс нуурын ай сав” улсын тусгай хамгаалалттай газар нутаг нь 1997 оны 12 дугаар сарын 15нд ЮНЕСКО-ийн шийдвэрээр Гео-биосферийн судалгааны бүс, “Хүн ба шим мандлын нөөц газар”-ын сүлжээнд, Олон улсын ая холбогдол бүхий ус намгархаг газар ялангуяа усны шувууд олноор амьдардаг болон дайран өнгөрөх орчны тухай РАМСАР-ын конвенцид 1999 онд мөн ЮНЕСКО-ийн шийдвэрээр 2003 оны 6 дугаар сарын 05-нд Дэлхийн өвд бүртгэгдсэн 4 дархан газар, 1 байгалийн нөөц газар, 1 байгалийн дурсгалт газрыг багтаасан хамгаалалтын 2 өөр дэглэмийг шаардах 689229 га нутаг дэвсгэрийг хамаарсан. УНАСУТХГН нь Монгол орны ТХГН-ийн сүлжээнд томоохон байр суурийг эзлэх Монгол орны төдийгүй Дэлхийд хосгүй өвөрмөц газар нутаг юм.

Увс нуурын ай савын улсын тусгай хамгаалалттай газар нутаг:

Дархан цаазат газар

  • Увс нуурын дархан цаазат газар
  • Түргэн уулын дархан цаазат газар
  • Цагаан шувуут уулын дархан цаазат газар

Байгалийн нөөц газар

  • Тэсийн голын байгалийн нөөц газар

Дурсгалт газар

  • Мөнгөт цахирын дурсгалт газар

Тусгай хамгаалалттай газар нутгийн талбайн хэмжээ:

  • Увс нуурын дархан цаазат газар-424298 га
  • Түргэн уулын дархан цаазат газар-127331 га
  • Цагаан шувуут уулын дархан цаазат газар -35970 га
  • Тэсийн голын байгалийн нөөц газар-101000 га
  • Мөнгөт цахирын дурсгалт газар-630,8 га

Увс нуурын ай савын дархан цаазат газрууд нь говь цөлөрхөг хээр, тал, ойт хээр, уул нуруу, мөнх цас, мөсөн голуудыг багтаасан эрс тэс уур амьсгалтай нутаг юм. Увс нуурын ай савын дархан цаазат газрууд нь олон улсын гео-биосферийн судалгааны бүсэд багтдаг. Энэ нь дэлхийн байгалийн бүс, бүслүүрийн бүхий л шинж төрхийг өөртөө агуулсан “Увс нуурын ай сав” хэмээх эргэн тойрон уулсаар хүрээлэгдсэн нь энэ нутгийн олон улсын ач холбогдол бүхий Төв Азийн эталон нутаг болохыг илтгэж байна. Увс нуурын дархан цаазат газар нь хойд талаараа ОХУ-тай хиллэдэг. Увс нуурын эргэн тойронд өвөлдөө 500с, зундаа +400с хүрнэ. Усзүйн сүлжээний хувьд ай сав нь бүхэлдээ Төв Азийн гадагшаа ургсгалгүй ай савд багтдаг. Увс нуурын ай савын улсын тусгай хамгаалалттай газрууд нь газарзүйн байрлалаараа Их нууруудын хотгорт оршдог. Энэ чанараараа гадаргын болон газрын доорхи усаар баялаг бүс нутаг юм.

Тусгай хамгаалалттай газар нутгийг олон улсын сүлжээнд хамруулсан байдал:

Увс нуурын ай савын улсын тусгай хамгаалалттай газрууд дэлхийд данстай.

-1997 онд НҮБ-ын Соёл, шинжлэх ухаан, боловсролын байгууллагын “Хүн ба шим мандал” хөтөлбөрийн хүрээнд Шим мандлын нөөц газарт хамрагдсан.

-Олон улсын ач холбогдол бүхий ус, намгархаг газар ялангуяа усны шувууд олноор амьдардаг орчны тухай “Рамсарын конвенци”-д 1999 онд Айраг нуур, 2004 онд Увс, Ачит нуур тус тус хамрагдсан.

-2003 онд “Дэлхийн Байгалийн өв”-д хамрагдсан.

-2011 оны 05-р сард ОХУ, Монгол улсын Засгийн газрын шийдвэрээр “Хил дамнасан Шим мандал”-ын нөөц газар байгуулагдсан.

  • Түргэн уул Дэлхийн өндөр уулын эко системд хамрагдсан.