Цагаан шувуутын дархан цаазат газар

Ерөнхий танилцуулга

Увс нуурын ай савын өндөр уулын нуга, уулын хээрийн онцлогийг төлөөлөх Цагаан шувуут уул нь Увс нуур, Үүрэг нуурын усан хагалбарт зүүн хойноосоо баруун урагш сунаж тогтсон байршилтай бие даасан мужийг үүсгэдэг өндөр уулын экосистем юм. Цагаан шувуут уул нь Монгол оронд төдийгүй дэлхийд нэн ховордсон цоохор ирвэс (Panthera uncia), янгир ямаа (Capra sibirica), аргаль хонь (Ovis ammon), халиун буга (Cervus elaphus), нохой зээх (Gulo gulo) зэрэг ховор амьтдын өлгий нутаг юм.

            Цагаан шувуут уулын байгалийн унаган төрх, биологийн төрөл зүйлүүдийг хамгаалах зорилгоор 1993 оны УИХ-ын 83-р тогтоолоор Увс нуурын ай савын дархан цаазат газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авчээ. УИХ-ын 2008 оны 05 тоот тогтоолоор aргаль хонь, баданга хүдэр (Moschus moschiferus), халиун буга, зэрлэг гахайн байршил нутаг болох Баянзүрх уулыг улсын тусгай хамгаалалтад хамруулан хилийн заагийг өргөтгөсөн. Цагаан шувуут уулын ДЦГ нь нийт 33,304 га талбайг хамарч байна.

Энд 72 зүйл хөхтөн амьтад бий. Түүнээс цоохор ирвэс, аргаль хонь, янгир ямаа, баданга хүдэр, халиун буга зэрэг амьтад Монгол улсын улаан номонд орсон байна. 

Цагаан шувуут уулын нутаг дэвсгэрт Хэрээ, Үүрэг зэрэг нуурууд бий. Мөн Цагаан шувуут, Шар хамар уулнаас эх авсан Их хөсөрхөг, Бага Хөсөрхөг, Шар хадны гол, Ёлын булаг зэрэг голуудтай.

Увс нуурын ай савын өндөр уулын нуга, уулын хээрийн онцлогийг төлөөлөх Цагаан шувуут уул нь Ув нуур, үүрэг нуурын усан хагалбарт зүүн хойноосоо баруун урагш сунаж тогтсон байршилтай. Увс нуурын хотгорт орших өндөр уулын томоохон төлөөлөл Цагаан шувуут уулын байгалийн унаган төрх, биологийн төрөл зүйлийг хамгаалах зорилгоор Увс нуурын ай савын дархан цаазат газрын кластер болгон тусгай хамгаалалтад авсан байна.

Цагаан шувуут уул нь хэрчигдэл ихтэй шовх хянгахяр, хад асга бүхий эгц хажуутай, далайн түвшнээс дээш 3000 гаруй метр өргөгдсөн,  өндөр уулын нуга,  уулын хээрийн өвөрмөц орчныг төлөөлж өндөр уулын ховор, ховордсон амьтан шивээлэн орших өвөрмөц сонин тогтоц, байгалийн үзэсгэлэн бүхий газар юм.