Ачит нуур - Дэвэлийн арлын байгалийн цогцолборт газар

Ерөнхий танилцуулга

Газарзүйн байршил: Экологийн чухал ач холбогдолтой хамгаалалтад авах зайлшгүй шаардлагатай Ачит нуур нь Монгол Алтайн нурууны хойд хэсэгт Сийлхэм, Хархираа, Түргэний уулс хоорондын хотгорт оршдог ус намгархаг газар бөгөөд олон улсын ангиллаар дотоодын ус намгархаг газарт хамаарна.

Хотгор гүдгэр: Талбайн хувьд Алтайн нуурууд дотор хамгийн томд орох энэ нуурын усан мандал 1435 метрийн үнэмлэхүй өндөрт оршино. Нуурын хотгор тектоникийн зөрөгт хотос бөгөөд дөрөвдөгч галавын мөсдлөгийн дараа хаталтын үед усны түвшин доошилж ирэхэд нуурын ёроол ил гарч уулын эгц хажуу илтэд холджээ. Иймээс эргийн байдал, талархаг, булаг тохой арал хойг байхгүй. Цутгал голын адаг, эсвэл эх авч урсах голын хэсэгт багахан хэмжээний намагтай, бусад газрууд, эргэн тойронд нь заримдаг цөлийн ландшафт зонхилно. Нуурын хойт талаас цутгах хэд хэдэн гол адагтаа асар их хэмжээний садраа үүсгэх тул тэнд шугуй, зэгс ургана. Нуурын эргээс нэгээс хоёр км зайд татралтын хэд хэдэн дэнж байгаа нь нуурын ус их байсны ул мөр юм. Хамгаалалтад авахаар санал болгож буй нуурын баруун хэсэгт орших Ямаатын уул нь нуур луу түрж орсон дундаж өндөр уул бөгөөд эргэн тойронд нь ухаа гүвээт тал үргэлжилнэ. Цөлжүү хээрийн ландшафт бүхий өргөн бэлүүд нь 1400-1600 м өндөрт оршино. Нутаг дэвсгэрийн геологийн тогтоц нь өвөрмөц, эртний чулуулгаас тогтсон байдаг. Бөхмөрөн сумын нутаг дэвсгэрт эх, анхны болон шинэ төрмөлийн эриний тунамал, хувирмал, галт уулын ба гүний хурдас чулуулаг элбэг тохиолдоно. Доод дунд девоныг нэгтгэсэн Ямаат голын свит нутгийн баруун хойт хэсгээр тохиолдох бөгөөд элсжин алевролит, шаварлаг занар, элсэрхэг шохойжин хэлбэрээр оршино. Ховд сумын нутаг дэвсгэрт эх төрмөлөөс эхлээд шинэ төрмөлийн эриний тунамал, хувирмал, галт уулын ба гүний хурдас чулуулаг элбэг тохиолдоно. Тус сумын нутагт нүүрс болон өнгөт үнэт металлын хэд хэдэн орд илэрц байгаа нь тогтоогджээ.

Уур амьсгал: Судалгаанд авч үзэж буй бүс нутаг бол дэлхийн бөмбөрцгийн хойд хагасын цөлийн бүсийн хамгийн хойд хил болж өргөрөгтөө эх газрын хамгийн хатуу ширүүн уур амьсгалтай нутаг юм. Жилийн дундаж болоод хүйтэн улирлын агаарын температурын хувьд харгалзах өргөрөгийн бүстээ хамгийн хүйтэн, жилийн дундаж агаарын температур -80С хүртэл хүйтэн, өвлийн хамгийн хүйтэн 1 дүгээр сарын дундаж температур нь -30...-350С, үнэмлэхүй хүйтэн нь -500С хүрдэг. Алтайн нурууны сүүдэрлэх нөлөөгөөр хотгорт хуурай уур амьсгал бүрэлдэж энэ нь уг бүс нутагт томоохон талбай эзэлсэн нүцгэн элс тогтох шалтгаан болно. Ачит нуур орчмын нутагт эх газрын уур амьсгал ноёрхоно. Энд агаарын жилийн дундаж температур -2.00С бөгөөд  1-р сарын агаарын дундаж температур –22.60С, 7-р сарынх +21.10С байна. Хур тунадасны хэмжээ маш бага, жилд дунджаар 76-158 мм тунадас унана. Хур тунадас харьцангуй бага унана, хуваарилалт нь янз бүр, дунджаар 97.7 мм тунадас унана.  Нуурын усны  температур 7-р сард эрэг дагуугаа 21.5-22.80С, 2 м гүнд  16.2-14.30С, 3 м гүнд  16.2-14.30С, 4 м гүнд 18.0-19.00С, ёроолдоо 17.20С. Нуур 11 сараас 5 сар хүртэл хөлдөх ба мөсний зузаан 1.1-1.3 м орчим байдаг.

Экосистемийн онцлог: Монгол орны баруун бүсийн экологийн бүс нутагт уул уурхайн хөгжлийг байгаль орчинд нөлөө багатай төлөвлөх, нүүдэлч малчдын уламжлалт мал аж ахуй эрхлэх болон  амьтны амьдрах орчныг хамгаалах зэрэг асуудлуудыг зохистой төлөвлөх, тогтвортой хөгжлийг дэмжих шинжлэх ухааны үндэслэлийг боловсруулах судалгааны ажлын хүрээнд тус бүс нутгийн хэмжээнд том хэмжээний экосистемийг ангилах ажлыг хийсэн. Энэхүү экосистемийн ангилал нь урьд өмнө нь Монгол орны хэмжээгээр хийгдэж байсан судалгааны ажлууд, ургамлан бүрхэвчийн ангиллын зураглал, хөрсөн бүрхэвч, ус намаг бүхий газрын ангилал болон газарзүйн өндөршлийн хуваарилалт дээр үндэслэж хийгдсэн.